Айчи-Нагоя 2026: туялзуур сэлэмчид Азийн наадамд анх удаа гурван төрлийн зэвсгээр өрсөллөөMongolian only
У.Мөнххасар хэсгийн шатанд зургаан тулаанаас дөрөвт нь ялж, Азийн наадамд Монголын туялзуур сэлэмчдийн шинэ амжилт тогтоолоо.

"Айчи-Нагоя 2026" Азийн наадамд Монгол Улсын туялзуур сэлэмний шигшээ баг дасгалжуулагч Ц.Жигжидсүрэн, Д.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баттөмөрийн удирдлага дор 9 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцлоо. Монголын туялзуур сэлэмчид энэ удаа анх удаа хүнд сэлэм, илд, хөнгөн сэлэм гэсэн гурван төрлийн зэвсгээр өрсөлдсөнөөрөө онцлог байв.
9 дүгээр сарын 22-нд эрэгтэйчүүдийн хөнгөн сэлмийн төрөлд Н.Чингис (Саруул Фенсинг), эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа (УБ Фенсинг), Д.Мэрси (Дуэль) нар өрсөлдөв. Б.Амарзаяа хэсгийн шатанд 2 ялалт байгуулж шилдэг 32-т шалгарсан бөгөөд Японы тамирчинтай тулалдаж тэмцээнээ өндөрлүүлэв.
9 дүгээр сарын 24-нд эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд У.Мөнххасар хэсгийн шатанд зургаан тулаанаас дөрвөн ялалт байгуулсан нь Азийн наадамд Монголын туялзуур сэлэмчдийн үзүүлсэн шинэ амжилт боллоо. Тэрээр 20-р байр, Б.Гандөл 29-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн илдний төрөлд Premier Fencing Club-ийн 16 настай Т.Өүлэн хэсгийн шатнаас шалгарсан анхны монгол тамирчин болж, шилдэг 32-т Энэтхэгийн тамирчинд ялагдан 19-р байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн багийн төрөлд Б.Амарзаяа, А.Мягмарцэрэн, Ц.Ундрал, Д.Мэрси нарын бүрэлдэхүүнтэй манай баг дэлхийн болон Азийн аварга БНСУ-ын багтай тулалдаж 45:20 харьцаатай ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн хүнд сэлмийн багийн төрөлд У.Мөнххасар, Б.Гандөл, Х.Анхбаяр нар БНХАУ-ын багт 45:19 харьцаатай ялагдаж, оролцсон 18 багаас 13-р байрт эрэмбэлэгдлээ. Монголын туялзуур сэлэмчид ийнхүү дөрөв дэх Азийн наадамдаа оролцож, олон улсын тавцанд туршлага хуримтлууллаа.



Source: Fencing Association of Mongolia on Facebook
